“Лидер финанс ТМЗ” компанийн захирал Ү.Галмандахтай байгууллага, компани, иргэд татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг авснаар ямар ашиг тустай талаар ярилцлаа.

Та манай уншигчдад татварын зөвлөх үйлчилгээний талаар танилцуулахгүй юу?

Татварын зөвлөх үйлчилгээний талаар ярихын өмнө эхлээд энэ үйлчилгээний түүхийг сөхвөл зүйтэй болов уу. Татварын ерөнхий хуулийн 16 дугаар зүйл заалтад татварын зөвлөх үйлчилгээний талаар дурьдсан байдаг. 2012 оны 12 сард Татварын зөвлөх үйлчилгээний тухай бие даасан хууль гарч, энэхүү үйлчилгээнийэрх зүйн орчин ньанх бүрдсэн түүхтэй. Татварын зөвлөх үйлчилгээ нь анх гарахдаа дараах үйлчилгээнүүдийг үзүүлнэ гэсэн байдаг. Үүнд:   

  • Татварын хууль тогтоомжийн талаар мэргэжлийн туслалцаа үзүүлэх, зөвлөгөө өгөх
  • Татварын тооцооллыг хууль тогтоомжийн дагуу үзүүлэх, тохируулга хийх,татварын нөлөөллийг бүртгэх
  • Татварын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайланг гаргах
  • Үйлчлүүлэгчтэй холбоотой татварын маргаан гарвал шүүх, захиргааны байгууллага дээр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр орох буюу эсвэлөмгөөллийн үйлчилгээ үзүүлэх
  • Татварын алба болон холбогдох бусад этгээдтэй үйлчилүүлэгчийг төлөөлөн харилцах гэсэн зохицуулалтууд байсан.

Гэвч энэхүү хуулинд заагдсан дээрхи үйлчилгээнүүдээс  хэд хэдэн үйлчилгээг хассан. Үүнд: Татварын зөвлөх үйлчилгээнд өмгөөллийн үйлчилгээ явуулах нь тийм зохимжтой биш юм байна гэж үзээд өмгөөлөл явуулах үйлчилгээг 2013 онд хасч, мөн 2015 онд үйлчлүүлэгчийн нягтлан бодох бүртгэл санхүүгийн тайланг заавал тусгай зөвшөөрөлтэйгээр гаргах  шаардлагагүй гэж үзэн хассан. Ингээд 2016 оноос эхлээд үндсэндээ дараах 3 зүйлээр татварын зөвлөх үйлчилгээг үзүүлэхээр болж байна. Үйлчилгээнүүдийг дурьдвал:

- Татварын хууль тогтоомжийн талаар мэргэжлийн туслалцаа үзүүлэх, зөвлөгөө өгөх 

- Татварын тооцооллыг хууль тогтоомжийн дагуу үзүүлэх, тохируулга хийх, татварын нөлөөллийг бүртгэх

- Татварын алба, холбогдох бусад этгээдтэй үйлчлүүлэгчийг төлөөлөн харилцах гэсэн үйлчилгээнүүд багтаж байна.

Татварын зөвлөх үйчилгээ гэж юу байдаг юм бэ? Байгууллагын нягтлан бодогч байхад татварын зөвлөх үйлчилгээ үзүүлнэ гээд дунд нь юу гарч ирээд байна вэ? Энэ үйлчилгээ нь ямар давуу талтай юм бэ? гэж зарим хүмүүс их гайхдаг. Аливаа гэрээт нягтлан бодогчид байгууллагын санхүүгийн тайлан балансийг гаргаад л явна, эргээд ямар нэгэн хариуцлага тооцох, хариуцлага хүлээлгэх механизм үйлчилдэггүй. Өөрөөр хэлбэл буух эзэн буцах хаяггүй гэсэн үг л дээ.  Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг авсан бол татварын мэргэшсэн зөвлөх нь  тухайн компаний тайлан балансийг гаргаж,  хуулийн зөвлөгөө өгнө. Эргээд ямар нэгэн байдлаар буруудах юм бол зөвлөх үйлчилгээний компани өөрөө тэрхүү асуудалдаа бүрэн хариуцлага хүлээдэг. Үүгээрээ давуу болон ялгаатай талтай байдаг.

 

2. Татварын мэргэшсэн болон итгэмжлэгдсэн нягтлан бодогч гэж ямар хүнийг хэлэх вэ?

Татварын мэргэшсэн зөвлөх, Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч гэж 2 тусдаа өөр ойлголт юм. Хуулиараа юу гэж өгөгдөж байна вэ гэхээр татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч нь Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгээс зохион байгуулсан сургалт, сангийн яамнаас авах шалгалтанд тэнцсэн хүнийг хэлдэг. Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч нь татварын зөвлөх үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдэд ажиллавал тухайн хүнийг татварын мэргэшсэн зөвлөх гэдэг. Хувь хүн талаас нь аваад үзвэл тухайн хүн татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч боловч хэрэв татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний компанид ажиллавал тэр хүнийг татварын мэргэшсэн зөвлөх гэж үздэг.

 

3. Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг авснаараа байгууллагад ямар ач холбогдолтай вэ?

Компани бол ашгийн төлөө байгууллага, ашгийн төлөө болохын хувьд олсон орлогоосоо зардлаа хасаад ашиг гардаг. Компаний хувьд зардлаа хамгийн бага байлгах, ашгаа их байлгах тэмүүлэл рүү явж байдаг. Тэгэхээр Татварын зөвлөх үйлчилгээний компанийг авч ажиллуулснаараа тухайн компанид үзүүлж байгаа хамгийн том үйлчлэл бол 1-рт зардлаа хэмнэнэ. Ихэвчлэн жижиг дунд аж ахуй нэгжийн хувьд орон тооны бүртгэлийн алба ажиллуулаад байх нь төдийлэн ач холбогдолтой биш байдаг. Орон тооны нягтлан бодогчийг ажилд аваад ажиллуулвал тухайн нягтланг цалинжуулна, НДШ-ийг гаргана, хоол, унаа, сургалт гээд зардлууд гаргах шаардлагатай болно. Тиймээс гадны мэргэшсэн байгууллагыг компани дээрээ ажиллуулвал тухайн компаний үйл ажиллагааны зардлын хэмнэлт гарна.  2-рт капиталын зардал гэж гаргахгүй. Капитал зардал гэж юу вэ гэхээр нэг нягтлан ажиллуулахын тулд нэг компьютер, принтер, сандал, ширээ гэх мэт зүйлсийг худалдаж авах болно, энэхүү зардлыг л капиталын зардал гэж байгаа юм. 3-рт: Эрсдлийг шилжүүлдэгээрээ маш том давуу талтай. Учир нь компаниуд татварын хяналт шалгалтаар орохдоо нягтлан бодох бүртгэлдээ алдаа, дутагдал гаргаж тэрхүү алдаа дутагдалдаа санаа зовниж, шаналдаг түүнээсээ болж стрессдэж, уур бухимдалтай байдаг тул энэ эрсдлийг шилжүүлж байгаа юм. Иймээс энэ бүхэнд санаа зоволгүйгээр бизнестээ цаг заваа зарцуулж, компанийхаа ирээдүйн хөгжлийг төлөвлөж, бүх цаг боломжоо компаниа хөгжүүлэхэд анхаарлаа хандуулах болно.

 

4. Аутсорсинг гэж юу вэ?

Аж ахуй нэгж, бизнес эрхлэгч, хуулийн этгээдүүд нь байгууллагынхаа дотоод үйл ажиллагааны зарим хэсгийг богино хугацаанд  хямд өртөгөөр хамгийн сайн гүйцэтгэж чадах гадны мэргэшсэн байгууллагад шилжүүлэх үйл явцыг аутсорсинг гэнэ.  

Нягтлан бодох бүртгэлийн салбарт аутсорсинг үйлчилгээ өргөнөөр ашиглагддаг. Энэхүү үйлчилгээг авсан байгууллага нь олон давуу талтай байдаг. Үүнд:

1-рт хөдөлмөрийн нарийн зохион байгуулалтанд ордог.

2-рт: Компани нь өөрийнхөө хүчийг тарамдуулаад байх шаардлагагүй, байгууллагынхаа үндсэн үйл ажиллагаанд бүх анхаарал, цаг, зав хүчээ зарцуулах боломжийг олгодог.

3-рт: Гадны мэргэшсэн байгууллагыг авч ажиллуулснаар тухайн байгууллага нь өөрийн дотоод нөөц боломжоо ихэсгэдэгээрээ давуу талтай.

 

5. Татварын мэргэшсэн зөвлөх болон Аудитын үйлчилгээний ялгаатай талыг хэлээд өгөөч?

Татварын мэргэшсэн зөвлөх  гэдэг бол үндсэндээ тухайн байгууллагын санхүүгийн гал тогоонд ажилладаг хүн юм. Өөрөөр хэлбэл байгууллагын санхүүгийн бүхий л үйл ажиллагааг тайлганадаг, гаргадаг, зөвлөгөө, үйлчилгээ үзүүлдэг. Аудитын үйлчилгээ гэдэг нь хөндлөгийн хяналт гэсэн үг. Байгууллагын гаргасан санхүүгийн тайлан, балансийг олон улсын стандартын дагуу үнэн, зөв гаргаж байна уу, үгүй юу гэдгийг шалгадаг байгууллага юм. 

2015 онд Аудитын тухай шинэчилсэн хууль болон Татварын мэргэшсэн зөвлөхийн хуулинд орсон өөрчлөлтөөр 2016 оноос эхлэн аудитын компаниуд татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлж болохоор болсон байгаа. Энэ хуулийн өөрчлөлт нь их учир дутагдалтай, учир нь аудит нь татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэхээр хөндлөнгийн хараат бус үндсэн зарчим нь алдагдах магадлалтай. Өөрөөр хэлбэл нэг аудитын компани нь хяналт шалгалтаа хийчихнэ, хажуугаар нь татварын зөвлөх үйлчилгээ үзүүлээд компаниудын тайлан, балансийг гаргаад, зөвлөгөө үйлчилгээгээ өгнө, эргээд түүнийгээ өөрсдөө хянаж, шалгах болно, ингээд ирэхээрээ ашиг сонирхолын зөрчил, хараат бус байдалд нь зөрчилдөөн үүсэх болно. Ийм л ойлгомжгүй зүйлүүд шинэчилсэн хууль дээр суугаад өгсөн байгаа юм. Хуучин 2012 онд Татварын зөвлөх үйлчилгээний хууль дээр татварын зөвлөх үйлчилгээ эрхлэдэг компани нь Аудитын үйлчилгээ эрхлэхийг хориглоно гээд тодорхой заагаад өгсөн байсан. Тэгэхээр энэ хууь хэрэгжиснээрээ аудитын хараат бус байдлыг яаж хангах юм бэ? Ийм ялгаатай хоёр юмыг нэгтгэсэн болохоор 2016 оноос амьдрал дээр дээрх хуулиуд хэрэгжээд ирэхээр хуулийн үйлчлэлүүд нь аяндаа ялгараад ирэх байх, тэр үед дахин өөрчлөлт орох болов уу гэж би хувьдаа бодож байна.

 

6. Монгол Улсын ТМЗҮ-ний өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн талаар?

2012 оны 12 сард Татварын зөвлөх үйлчилгээний тухай бие даасан хууль гарч, энэхүү үйлчилгээний эрх зүйн орчин нь анх бүрдсэн тэр цагаас хойш авч үзэх юм бол энэ салбар нь залуухан салбар юм. Залуухан салбар хэдий боловч 2013 оны 08 сард  9 компани тусгай зөвшөөрөл авч байсан, гэтэл өнөөдрийн байдлаар хууль хэрэгжээд 3 жил болоход 40 компани сангийн яамнаас тусгай зөвшөөрлөө аваад үйл ажиллагаагаа явуулж байна.

Энэ нь хөгжиж буйн нэг илэрэл юм. 2015 оны 07 дугаар сард Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч нарын анхдугаар чуулган болсон. Тэрхүү чуулган дээр татварын зөвлөх үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал, хууль дээр оруулах өөрчлөлтүүд юу байна гэх мэт зүйлсийг хэлэлцэж, боловсруулаад сангийн яам руу асуудлуудаа дэвшүүлсэн. Энэхүү чуулган маань үүнээс хойш жил бүр уламжлал болгон явдаг болохоор болсон. Тэгэхээр энэ салбар маань хөгжиж байгаа залуу салбар юм.

Судалгаанаас авч үзэхэд өнөөдрийн байдлаар Монгол Улсад 150,000 аж ахуй нэгж бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Түүнийг 80/20-ийн зарчмаар аваад үзэх юм бол 30,000 аж ахуй нэгж нь маш эрчимтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа, энэ дотроосоо 30,000 аж ахуй нэгж байна гэдэг маань манай татварын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг 40 компаний хаана нь ч хүрэлцэхгүй байгаа юм. Зах зээл нь хангалттай байгаа учраас зах зээлийнхээ жамаар ийм төрлийн үйлчилгээ үзүүлдэг олон, олон байгууллагууд нэмэгдэнэ, нэмэгдэхийн хэрээр үйлчлүүлэгчдэд чанартай үйлчилгээ хүрч, салбар маань улам хөгжих болно.

 

7. Нягтлан бодох бүртгэл, санхүү, татварын зөвлөгөө авах хүсэлтэй компаниуд хэр олон байна вэ? Та компанийхаа үйлчилгээний талаар танилцуулахгүй юу?

Татварын зөвлөх үйлчилгээ, нягтлан бодох бүртгэлийн аутсорсингийн үйлчилгээ авах сонирхолтой байгууллагууд маш олон байна гэдэгт би итгэлтэй байгаа. Учир нь дөнгөж төгссөн шинэ нягтлан бодогч нарыг байгууллагууд ажилд авахдаа таатай байдаггүй, дор хаяж 3 жил ажилласан туршлагатай нягтлан бодогч хүнийг ажилд авах хүсэл сонирхолтой байдаг. Тэгэхээр тэр туршлагатай, сайн нягтлан бодогч нар нь   өөр өөрийн гэсэн ажил төрөлтэй, хязгаарлагдмал байгаа. Тэгэхээр цаана нь байгаа хүмүүсийн хэрэгцээг хэн хангах юм бэ? Үүнийг  татварын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компаниуд хэрэгцээ, шаардлагыг нь хангах болно. Гэвч өнөөдөр татварын зөвлөх үйлчилгээ гэж  ямар компани байдаг, үйлчлүүлэгчдийнхээ ашиг сонирхол, хууль ёсны эрх ашгийг хэрхэн, яаж  хамгаалдаг вэ гэдгийг төдийлөн сайн мэддэггүй. Бид татварын зөвлөх үйчилгээний талаар олон нийтэд таниулан сурталчилж, үйл ажиллагаагаа эрчимтэй сайн явуулж чадах юм бол  цаг үе улирах тусам хүмүүсүүдийн чихэнд ойрхон, сэтгэлд дотно болоод ирнэ. Мөн зөвхөн нягтлан бодох бүртгэлийн аутсорсинг үйлчилгээг авна гэхээсээ гадна татварын зөвлөх үйлчилгээ авах компаниуд болон хувь хүмүүс ихэсээд ирнэ. Энэ үйлчилгээнийхээ ач холбогдол болон давуу талуудыг хүмүүстэй уулзаад ярьж явахад: “Ямар гоё үйлчилгээ вэ? Байгууллагадаа  авмаар байна” гээд эерэгээр хүлээн авдаг. Тэгэхээр бид цаашид үүнийг таниулан сурталчилах ажлыг ихээхэн хийж, үйл ажиллагаагаа тэдэнд хүргэж чадвал тухайн компаниуд татварын болон гаалийн, нийгмийн даатгалын хяналт шалгалтанд орохдоо айж, сандрах  нь багасаж, бидэнд итгэх итгэл нь нэмэгдэнэ. Манай компаний хувьд 2009 онд анх санхүү, нягтлан бодох бүртгэл, татварын зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр үүсэн байгуулагдаж, Татварын Мэргэшсэн Зөвлөх Үйлчилгээний тухай хууль, Сангийн сайдын 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн тушаалын дагуу №05 тусгай зөвшөөрлөөр татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх эрх авсан анхны компаниудын нэг юм. Бид ТАТВАРЫН ЭРСДЭЛГҮЙ ОРЧИНГ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ БҮРТ БИЙ БОЛГОНО! гэсэн уриан дор үйлчилгээгээ чанартай, найдвартай, хүртээмжтэй байлгахыг хичээж, мэргэжлийн өндөр түвшинд үйлчилгээ үзүүлж, үйлчлүүлэгчдэд татварын зөвлөгөө өгөх, татвар төлөлтийн ухамсарыг төлөвшүүлэх, тэдний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн татварын мэргэшсэн зөвлөх үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулсаар байна. Манай компанид Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч 2, Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч 5, туслах нягтлан бодогч 4, Үйл ажиллагааны менежер 1 гэсэн чадварлаг багийг бүрэлдүүлэн ажиллаж байна.

 

8. Одоо хэрэгжиж байгаа Эдийн засгийн ил тод байдлын хуулийн хэрэгжилтийн тухайд?

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль анх 2015 оны 08 сарын 07-ны өдөр батлагдаж, тухайн хуулийг хэрэгжүүлэлтийн журам нь 09 дүгээр сарын эхээр тус тус батлагдсан. Журам батлагдсаны дараа хууль хэрэгжүүлэх 5-н байгууллага 09 дүгээр сардаа ажилтнуудаа сургаж бэлтгэх, техник программ хангамжаа бий болгож, 10 сараас эхлэн тухайн хуулийг олон нийтэд таниулан сурталчилж сургалт, семинар, лекц, уулзалтуудыг зохион байгуулсан. Энэ хуулийн үйлчлэл маань 2015 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжлэх юм. Байгууллагууд бүгд л ямар нэгэн байдлаар энэ хуулийг ашиглахыг бодож байгаа байх.

 

9. Энэхүү хуулийн хэрэгжилт ямар хүмүүст хамааралтай вэ?

Сайн дурын үндсэн дээр хувь хүн, хуулийн этгээдүүд нь нуусан эд хөрөнгөө ил гарган тайлагнах юм бол тухайн хувь хүн, хуулийн этгээд дээр ямар нэгэн хариуцлага тооцохгүй, албан татвараас нь нэг удаа чөлөөлнө гэсэн зохицуулалт байгаа юм. Монгол Улсын Засгийн газрын 348-р тогтоолоос  үзэхэд хувь хүн гэдгийн цаана нь хувь хүн ийм байна гэсэн ямар нэгэн шаардлага заагаагүй тул гадаад, дотоодын ямар ч хүн байж болно. Хуулийн этгээд нь мөн ялгаагүй, гадаад дотоодын ямар ч аж ахуй нэгж, компани нь энэ хуулийн үйлчлэлд орж болно.

 

10. Энэхүү хуулийн өгөөж, үр дүнг тодорхойлооч?

2015 оны ЭЗИТБ-ын хуулийн үзэл баримтлал нь далд эдийн засгийг ил болгох зорилгоор нуун дарагдуулсан хөрөнгө, орлого, үйл ажиллагааг ил болгож тайлагнахтай холбоотой асуудлыг зохицуулсан.

2008 оны татварын өршөөлийн тухай хуультай харьцуулвал хамрагдаж байгаа татварын хувьд цөөн тооны татварын хууль багтсан. 2008 оны татварын өршөөлийн хууль дээр 10 төрлийн татвараар өршөөл үзүүлж байсан бол 2015 оны хууль дээр 6 төрлийн татвараар өршөөл үзүүлж байгаа. Тухайлбал 1-рт: Аж ахуй нэгжийн орлогын албан татвар, 2-рт: Хувь хүнийн орлогын албан татвар 3-рт: Үл хөдлөхийн албан татвар,   4-рт: Нэмэгдсэн өртөгийн албан татвар, 5-рт: Онцгой албан татвар, 6-рт: Гаалийн албан татвар гэсэн 6 татвараар ямар нэгэн байдлаар нуусан хөрөнгө байвал түүнтэй холбогдуулан албан татвараас нь нэг удаа чөлөөлөх юм. Мэдээж ил болгон гаргаж байгаатай холбогдуулан эрүүгийн хэрэг болон захиргааны ямар нэгэн хариуцлага хүлээлгэхгүй, гүйцэтгэх үйл ажиллагаа явуулахгүй.  ЭЗИТБ-ын хуулийн гол онцлог нь нуусан хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа ил болгож тайлагнаад, тайлагнасан тайлан  нь эхлэлтийн тайлан баланс болно. Эхлэлтийн тайлан баланс гэдэг нь дөнгөж үйл ажиллагаа эрхлэж байгаа компаниуд эхлэлтийн тайлан баланс гаргадаг, түүнтэй адилхан болж байгаа гэсэн үг юм.  Иймд энэ хуулийн үр өгөөж нь аж ахуй нэгжүүд төдийгөөс өдий хүртэл бий болгосон хөрөнгө мөнгөө энэ хугацаанд  ил болгож аваад хэн нэгэнээс айж явах шаардлагагүй болох юм. Мөн аж ахуй нэгжүүд 2015 оны 04 сарын 01-ны өдөр нуусан хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа ил болгож тайлагнавал тухайн байгууллага дээр хяналт шалгалт орж ирэхгүй, тэрхүү өөрийн бий болгосон хөрөнгөө хэнээс ч айхгүйгээр захиран зарцуулах боломжтой болж байна.